Oyuna & Erica
To help people to build their online business
CUSTOM JAVASCRIPT / HTML
Нийтэлсэн огноо: 2019 оны 3-р сарын 8
Mom and me
Life doesn't come with a manual. it comes with a mother.

Амьдрал заавартай ирдэггүй, амьдрал ээжтэй ирдэг....  – unknown
Өнөөдөр ээж маань надад амьдрал бэлэглэсэн өдөр. Ээж маань намайг тэртээ олон жилийн өмнө энэ өдөр төрүүлсэн юм. Ээждээ би мартаар ирж, ээж маань надад амьдрал өгч ээж бид хоёр нэг нэгэндээ хүний амьдралын хамгийн сайхныг бэлэглэсэн өдөр ажээ. Төрсөн өдөр гэхээсээ илүү төрүүлсэн хүний баярын өдөр гэж би боддог юм. Ээждээ баярын мэнд хүргээд өмнө бичсэн постуудаасаа зарим нэг дурсамжийг хуваалцья гэж бодлоо. 

ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ

Амьдралыг хараад байх нээ хүн эцэг эхээсээ л суурь хүмүүжлээ авдаг аж. Би одоо өөрийгөө хараад байхад улам л ээж болоод байгааг мэдрээд байгаан. Хүү маань ч хэлдэг юм. Та яг эмээ шиг гэж. Хүн ээжийгээ дуурайхгүй хэнийг дуурайх вэ дээ гэдэг юм. Алим модноосоо хол унадаггүй ээ гэдэг дээ. 

Энэ үгийг нэг танил ах маань хэлж байсан нь миний хэлэх дуртай үг болчихож. Хүүхдийн хүмүүжлийн тухай яригдахаар л энэ үг санаанд ороод байдаг юм. Хүүхдүүдийг хараад байхад эцэг эхээсээ нээх хол өөр байдаггүй шүү дээ. Яалт ч үгүй л хүүхдүүд эцэг эхийнхээ хөдөлгөөнийг нь, яриаг нь, амьдралд хандах хандлагыг нь ер нь бол авдаг даа.

Миний хүүхдийнхээ хүмүүжилд баримталдаг зарчим бол өөрөө л үлгэрлэх гэж боддог. Өөрөө хэлж байгаа шигээ биш бол мянга хүүхдэдээ тийм байх ёстой, ийм байх ёстой гэж хэлээд нэмэргүй. Тэртээ тэрэнгүй хүүхэд чинь таныг харж л байгаа шдээ гэж. Хүүхдээ мундаг байлгахыг хүсдэг бол өөрөө тийм байх хэрэгтэй байх. Чи өөрөө сайн байхад хар аяндаа л хүүхэд чинь чамайг дуурайна даа.

Өөр бас нэг хүүхдийн хүмүүжилд чухал зүйл бол маш их хайр. Хайранд өссөн хүүхэд муу хүн болох ямар ч үндэслэл байхгүй гэж ээж минь дандаа хэлдэг юм. Намайг багадаа ёстой эрхийн балай байсан гэж миний бага байхыг мэдэх хүмүүс хэлдэг. Ээж маань хүүхэд эрхлүүлэх нээх дуртай хүн биш лд ээ. Гэхдээ л намайг балай болтол нь эрхлүүлж хүн болгосон байдаг. Ээж минь миний дээр 3 хүүхэдээ алдсан болохоор хүн л болж байвал яасан ч яахав гэж боддог байсан юм шиг байгаан. Миний багын дураараа зан олон дүү дагуулсан ч хэвээрээ үлдчихсэн байдаг. Миний хүссэнээрээ, аливаа юманд баригдах дургүй өөрийнхөөрөө амьдарч ирсэн нь энэнтэй холбоотой байх. Тийм болохоор хүүхдийг хайрлаж эрхлүүлэхэд муу юм байхгүй гэж боддог юм. Эрхлээд эрхлээд хаа олдоо аж дээ. Таниас муу хүн болно л гэж байхгүй. Тэртэй тэрэнгүй амьдрал бусдыг нь сургаад өгнө.

Манайхан чих зөөлөнтэй сайн хүүхэд гэж ярьдаг даа. Би энэ үгэнд таатай ханддаггүй. Манайхны энэ хандлага хүүхдүүдийг баригдмал, аливаа юманд зориггүй, өөртөө итгэлгүй болгочихдог юм шиг санагддаг. Би энд нэг түүхийг оруулий. 2007 онд америкт мастерт сурахаар очлоо. Хичээл орохоор нь би юм асуудаггүй, багш яриад л оюутнуудаас юм асуугаад л хичээлээ явуулдаг. Би бол надад хамаагүй юм шиг л сонсоод суудаг байлаа. Хоёр сар гаран хичээл явсны дараа программын удирдагч маань надтай уулзлаа. Тэгээд асууж байна. Яагаад чи хичээл дээр юу ч асуудаггүй юм вэ гэж байна. Надад хэлэх үг олдоогүй. Манай Монголд чинь багш л голдуу ярьсаар байгаад л гардаг биз дээ. Тэрнээс хойш асуултаа бэлдэж байгаад л хичээл дээр их идэвхтэй байдаг болж билээ. Өвлийн амралтаараа Монгол ирээд Монголын Нягтлан Бодогчдын Институт дээр нэг хичээлд суух боллоо. Сурснаараа хичээл дээр нь юм асуусан чинь багш нь их л янзгүй, энийг мэдэхгүй хаагуур явж байсийн гээд загнуулж билээ.

Америкаас ирээд Их Сургуульдаа багшилж байхдаа манай монгол хүүхдүүд хичээл дээр ерөөсөө юм асуудаггүй болохыг их анзаарч билээ. Манайхаар бол чих зөөлөнтэй сайн хүүхдүүд. Гадныханд бол өөртөө итгэлгүй, өөрийн бодолгүй хүн болж таарч байгаа юм.
Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдээ өөртөө итгэлтэй, аливаа юманд өөрийн бодолтой, үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлдэг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй юм билээ. Загнахаа урьтал болголгүй хүүхэдтэйгээ том хүн шиг л ярилцах хэрэгтэй шүү гэж. За тэгээд ямар ч эцэг эх хүүхдээ өөрийн бодолгүй, хүний ая харсан хүн болчоосой бодохгүй бизээ.
ХҮНИЙГ ӨВТГӨХГҮЙ БАЙХ ХҮМҮҮЖИЛ

Зарим хүмүүс хүнийг өвтгөх үг, үйлдэл хийж байгаадаа өчүүхэн ч санаа зовохгүй харагддаг. Ялангуяа сошиалаар хүн лүү дайрч, маш муухай коммент бичиж байгаа нь цаад хүнээ ямар их өвтгөж байгаагаа юманд чинээ санаа санахгүй байна уу гэж. Тэр хүн чамд ямар гэм хийсэн юм вэ гэж бодмоор. Өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө таниас үгийн муухайг сонсох ёстой гэж үү, бас л бодмоор. Хэрэв цаад хүн чинь хэн нэгнийг хохироосон бол таны хэлсэн хэлээгүй амьдрал зохих шангий нь өгөх биз.

Би тэгээд боддог юм. Ямар хүмүүс хүнийг өвтгөх үг үйлдэл хийдэг юм болоо гэж? Анзаараад байхад өөртөө итгэлгүй, хүний мууг үзэж байж таашаал авдаг хүмүүс л тэгдэг юм шигээ. Багадаа эцэг эхийн хайраар дутуу өссөн, эсвэл томчуул бага байхад нь өөртэй нь тэгэж харьцдаг байсан хүмүүс л тийм болж өсдөг юм бол уу даа. Хаа газар муу хүмүүс байж л байдаг. Олонх нь тийм биш бол нийгэм нь харьцангуй цэвэр байдаг юмуу даа гэж бодох.

Шинэ Зеландад ирснээсээ хойш хүмүүсийн харилцааг их анзаардаг юм. Нэг нэгийгээ хүлээцтэй сонсдог, бусдын эрх ашгийг өөрийнх нь мэт хандаж байгаа нь сайхан санагдаад байдаг юм. Том хүү маань сургуулийнхаа зааланд бэлтгэл хийдэг юм. Тэгээд хэлж байгаа юм. Хүмүүс нь бэлтгэлээ хийж дуусчихаад өөрийнхөө бэлтгэл хийсэн төхөөрөмжийг цэвэрлээд дараагийн хүнээ шууд бэлтгэл хйихэд нь бэлдэж орхидог гэж. Анх зааланд очихдоо хүмүүс төхөөрөмжөө цэвэрлээд байхаар нь өөрсөддөө л бэлдэж байна гэж бодсон чинь эсрэгээр дараагийн хүмүүсдээ бэлдэж байсан гэж. Соёлтой байх гэдэг чинь маш амархан ойлголт юм байна лээ шдээ, ээжээ. Бусдыг өөр шигээ бодоход л болчих юм билээ гэж хүү маань хэлж билээ.

Одоо ажиллаж байгаа компанид маань янз бүрийн улсаас ирсэн хүмүүс ажилладаг. Янз бүрийн соёл зан заншилтай хүмүүс байдаг ч компаний соёл юм шиг байгаан. Аливаа зүйл дээр хувийн гэхээсээ илүү зарчмаа бариад л явчихдаг. Хэн нэгэн хийх ёстой ажлаа хийгээгүй бол уурлаж бухимдана гэж ерөөсөө байхгүй тухайн хүнд хийх ёстой ажлыг нь эелдэгээр сануулаад орхидог. Цаад хүн ч олон хэлүүлээд байхгүй байх жишээтэй.

Энд юу хэлэх гээд байна юэ гэвэл үг, үйлдэлээрээ бусдыг өвтгөхгүй байхыг хичээж явах хэрэгтэй шүү. Томчуул бид өөрсдөө ингээд л үлгэрлээд явчихвал үр хүүхдүүд маань бид нарыгаа дуурайгааад л явчих нь. Илүү хүмүүнлэг, сайхан нийгмийг бүтээе гэвэл хүн бүр л дор дороо хичээгээд байвал болно доо гэж. 
ДОКТОРОО АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА.

Миний амьдралд олон сайхан зүйл тохиолдож байсаан. Өнөөдөр бас нэг баярт үйл тохиож байна. Доктороо амжилттай хамгааллаа. Нягтлан бодохын чиглэлээр өндөр хөгжилтэй оронд доктор хамгаалсан хүн олон биш байхоо. Өөрөөрөө бахархах өдөр байнаа гэж.
Хамгаалж дуусаад шалгалт авсан хүмүүс болон удирдагч нартайгаа өдрийн хоолонд орж гарч ирээд шууд л ээж рүүгээ залгалаа. Ээждээ баярлалаа гэж хэллээ. Ээж маань баярласандаа болоод уйлж байна. Хэрэвээ би амжилттай яваа бол энэ бүхэн ээжтэй минь холбоотой. 

Ээж минь миний мэдэх хамгийн уйгагүй хөдөлмөрч хүн билээ. Нэг явдал ерөөсөө санаанаас гардаггүй юм. 3 юмуу 4-р ангид байсан байх. Ээж маань намайг циркийн дугуйланд оруулсан юм. Би тэрэндээ маш их дуртай. Хичээлээ хаяад зөвхөн циркийн дугуйландаа л дурлана. Ээж маань эцэг эхийн хуралд сууж ирээд миний дүн улирлаар бараг л муу гарсанд санаа нь зовсон шинжтэй надаас асууж билээ. Чи номныхоо хаанаас эхлээд ойлгохоо байсан бэ гэж асууж байна. Би эхнээс нь гэлээ. 

Тэр өдрөөс эхлэн ээж маань надтай тулж ажилласан даа. Өөрөө эхнээс нь уншаад л, надад үг үгээр нь тайлбарлаж өгнө. Тэгэж би хичээлээ гүйцэж авч билээ. Ер нь бид нарыг хичээлээ ойлгохоо байчих л юм бол өөрөө эхнээс нь уншаад л эхэлнэ. Ойлгож аваад л бид нарт заадаг сан. Ганцхан над дээр ч биш дүү нарт маань тэгэж л заана. Ээжийн гараар орсон хүн муу сурах үндэслэл байхгүй дээ. Манай 2 хүүтэй бас тулж ажилласны хүчинд манай 2 дороо учраа олж байгаа юм. Ээждээ хайртай шүү.

Тэнгэрт байгаа аавдаа баярлалаа. Аавын минь нүд нь гялалзаад хичнээн их баярлах байсан болдоо. Аав маань дүү бид 2-ийг доктор болохыг харж амжаагүй ч мэдэж байсан байхаа. Бид 2 –ийг Их Сургуульд багшилж эхлэхэд л манай 2 профессор гээд л явуулдагсан. Охин нь чадсан шүү гэж аавдаа хэлэх байна даа.

Ханьдаа баярлалаа. Үргэлж дэмжиж, итгэдэгт чинь талархаад барахгүй юмдаа. Миний баяр чиний минь баяр билээ. Дүү нартаа, найзууддаа, Бамбууш компаний хамт олон, өнөөдөр 60 жилийн ойгоо хийж байгаа Их Сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн хамт олоноо баярлалаа гэж хэлъе дээ. Хүн ер нь ямар олон хүрээлэл дунд амьдардаг юм бэ дээ. Сая Бангладешээс цуг сурч байсан хүн залгаад баяр хүргэж байгаа юм. Бид нэг жилийн элсэгчид л дээ. Ноднин дуусгаад явсан юм. 3 уулаа ороод одоо 2 нь энэ жил дуусгаж байна.Энэ пейжэд минь нэгдэж, урмын үгээр дэмждэг та бүхэндээ баярлалаа. Өөрийн сурсныг та бүхэндээ цаашид хуваалцсаар байх болноо. Амьдрал сайхаан. 
ТАНЫ ХҮҮХЭД ХЭДЭН ТӨГРӨГТЭЙГ ЧИНЬ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Таны хүүхэд таныг хэдэн төгрөгтэйг мэдэх хэрэгтэй юу гэж асуувал би тиймээ гэж хэлнэ. Хүүхэд гэрийнхээ санхүүгийн байдлыг мэдэх нь таньд болон таны хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэж боддог. Энд нэг түүх оруулъя. Намайг жаахан байхад ээж минь гэрийнхээ санхүүг нэг нэгэнгүй надад дэлгэдэг байлаа. Би айлын том болохоор тэгдэг байсан юм болуу. Би аав ээжийгээ хэдэн төгрөгний цалин авдаг тэрийгээ юунд яаж зарцуулж байгааг бүгдийг нь мэддэг байлаа. Соц нийгмийн үед олон хүүхэдтэй манайх шиг айлууд цалингаас цалингийн хооронд л амьдардаг байсан даа. Аав ээж шигээ тэд нарын цалин буухыг тэсэн ядан хүлээдэг байж билээ.

Гэрийн санхүүг ээж барина. Аав мөнгөө авчирч өгөх л үүрэгтэй байсан байх. Ээжид маань нилээд хэдэн конверт байдаг. Цалингаа буухаар түүнийг байрны мөнгө, хүнс, хувцас гээд л тус бүрийнх нь конвертонд хийнэ шүү дээ. Би хажууд нь нагжийтал суучихаад л тэр болгоныг нь харах дуртай, бас хошуу нэмэрлээстэй. Хэдийгээр би эрх дураараа байсан ч гэрийнхээ мөнгийг хаашаа хаашаа зарцуулагдаж байгаа мэдэх болохоороо янз бүрийн юм асууж шаналгахгүй шүү дээ. Ээж маань өөртөө нэг монетон бөгж авах гээд л цалингаасаа маш бага мөнгийг цааш нь хийнэ. Үеийнх нь хүүхнүүд бодвол тийм бөгжөөр л гаргардаг байсан байх. За тэр бөгжийг авах гэж их удсаан. Ээжийгээ тэр бөгжөө авчихаасай гэж л их боддогсон. Нэлээд удаж байж л авсан. Ээжийгээ баярлаж байгааг хараад би ч бас хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Том болоод ээждээ дуртай юмыг нь авч өгнө дөө гэж боддог байлаа. Ээж минь олон хүүхдийнхээ буянаар олон сайхан газраар явсаан. Ээжтэйгээ Сиатл хотод авахуулсан зурагаа дээр орууллаа.

Одоо ч би гэрийнхээ санхүүг хөвгүүдтэйгээ ярилцаастай. Саяхан зугаалгаар явж байхдаа машинд болсон яриа. Би нөгөө л онлайн бизнесээ яриастай. Хүү мань асууж байна. Та энэ бизнесээ томроод зөндөө мөнгөтэй болчихвол яахуу гэнээ. Би хэлж байгаан. Санхүүгийн эрх чөлөөтэй болоод өөрийнхөө хэрэгцээнээс илүү гарвал бусдад туслахгүй юу гэсэн чинь хөвгүүд маань нээрээ наадах чинь гоё мөрөөдөл байна гэж байна. Хөвгүүд маань ч бас бодож байгаа шүүдээ. Чадалтай мундаг явах юм бол олон хүнд тусалж болох юм байнаа гэж.

Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр өрх гэрийнхээ санхүүг хүүхдүүдтэйгээ ярилцаж байвал хүүхэд чинь эндээс ирээдүйд мөнгөө хэрхэн зарцуулахаа сурахаас гадна мөнгөний үнэ цэнийг маш сайн ойлгож өснөө гэдгийг л хэлэх гэсэн юмаа.
БОЛОВСРОЛД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮ ТӨЛДӨГ

Миний мэдэх олон хүмүүс ажилдаа түүртээд гэдэг ч юмуу өөрийгөө хаячихсан явж байдгийг би мэдэх юм. Та нарыг өдий зэрэгтэй болгох гэж би зүтгэсээр өөрийнхөө сурч боловсрох боломжуудаа алдсан ч гэдэг юмуу. Өөртөө цаг, мөнгө зарж чадахгүй байгаадаа сайхан шалтаг олоод хэлчихнээ бас. Би энийг маш буруу гэж боддог. Та юунд цаг, мөнгөө зарж байгаагаа эргээд нэг хараарай. Маш хэрэггүй юманд маш их цаг, санхүүгээ зарж байгааг мэдрэх болно. Үнэхээр өөртөө зарцуулах цаг мөнгө байхгүй байгаа бол энэ чинь таны амьдрал нэг л биш байгаагийн дохио шүү гэж. Ингэж амьдрахыг хүсэхгүй л байгаа биз дээ. Таны амьдралд өөрчлөлт хэрэгтэй байнаа гэсэн үг.

Би боддог юм. Та эрүүл саруул, санхүүгийн боломжтой байх юм бол өөртөө зарцуулахаас гадна хайртай хүмүүстээ тайван сайхан аз жаргалтай амьдрах боломжийг өгөх болно шүү дээ гэж. Өвдөж ерөөсөө болохгүй. Өвдөх юм бол таны хүүхдүүд гэр бүлийнхэн чинь шаналах болно. Та энийг хүсэхгүй л байгаа биз дээ. Тиймээс өвдөхгүй байхын тулд өдөр бүр юу хийх ёстой юу байна бүгдийг л хийх хэрэгтэй. Дасгал хийх, шингэн юм сайн уух, агаар салхинд алхах гээд л зөндөө. Ийм юманд залхуурч болохгүй.

Үүнтэй яг адилхан санхүүгийн хувьд бие даасан байхын тулд та өдөр бүр юу хийх ёстой байна түүнийгээ бас өдөр бүр хийж өөртөө зуршил болгох хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга гэж хэлэх гээд байна лдаа. Англи хэл сурахаар шулуудсан бол үүнд цаг гаргахгүйгээр сурна гэж ерөөсөө байхгүй. Ном унших, онлайнаар хичээл үзэх энэ бүгдийг л өөрийн өдөр тутамдаа хийдэг ажил болгох хэрэгтэй. Яг өглөө босоод шүдээ угаадаг шиг.

Өмнөх постуудаараа би хэлсэн байгаа. Миний хувьд өөрт хэрэгтэй гэж үзсэн зүйлүүдийг өдөр тутмынхаа зуршил болгоход их анхаардаг гэж. Ус уух, гүйх, ном унших, онлайнаар хичээл үзэх гээд л. Би зурагт үздэггүй гэвэл та гайхах байхдаа. Зурагт үзэх чинь маш их цаг, нэрв зардаг ажил. Тэр тусмаа нийгмийн аль болохгүй байгаа юмыг л мэдээгээр үзүүлдэг. Тэрийг үзэж хайран сайхан цаг нэрвээ барах хэрэг юу байна? Та зурагт үзэх цагаа багасгаад эндээс англи хэлээр ном унших цаг гаргачих боломжтой шдээ.

Эргээд өөрийнхөө амьдралыг харсан чинь би өөртөө маш их мөнгө болон цаг зарцуулсан байдаг. Өөрийнхөө боловсролд бол маш их цаг мөнгө зарсан байх жишээтэй. Би сайн сайхан явах юм бол гэр бүл, хүүхдүүд маань сайн сайхан явах болноо л гэсэн үг шүү дээ. You educate a man; you educate a man. You educate a woman; you educate a generation. Та эрэгтэй хүнд боловсрол өгвөл эрэгтэй хүн л боловсроно. Та эмэгтэй хүнд боловсрол өгвөл таны дараагийн үе боловсроно. Brigham Young.

Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл өөртөө цаг, мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээрэй. Таны эрүүл саруул, санхүүгийн эрх чөлөөтэй амьдрал чинь өөрт чинь төдийгүй хайртай хүмүүсийнхээ төлөө хийж байгаа ажил шүү гэдгийг хэлэх байна даа. 

Дээр бичиж байсан постуудаа нийлүүлээд нэг блог болгочихлоо. Залуучуудад сургамж болох буйзаа гэж бодсон юм. Миний өдий зэрэгтэй яваа маань ээж аавын хүмүүжил, өөр юу ч биш билээ. Ээждээ Мартын 8-ний мэнд хүргээд олон жил, урт удаан амьдраарай гэж хүсье. Ээждээ удахгүй очноо. Хайртай шүү. 

Охин тань, Шинэ Зеланд улс
Зорилготой, Орлоготой, Мэдлэгтэй Монгол Хүн уралдаант аяны танилцуулга
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
Таны емайл
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Powered By ClickFunnels.com