Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 8-р сарын 30
МЭДЛЭГТ ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮ ТӨЛДӨГ
An investment in knowledge pays the best interest.

Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр хүү төлдөг. Benjamin Franklin
Манай монголчууд боловсрол, мэдлэгийг шүтэж, хүүхдүүдээ сайн сургууль өгчих юмсан гэж хичээдэг нь надад их сайхан санагддаг юм. Намайг бага байхад ээж маань миний охин Их сургуульд л сурдаг юм шүү гэж дандаа хэлдэг байж билээ. Ээж маань Анагаахын дээд сургуульд хоёр удаа ороод, амьдралын эрхэнд сургуулиа хаясан байдаг. Насаараа хүүхдийн эмнэлэгт сувилагч хийсэн ээжид минь сургуулиа хаясан нь насан туршдаа харамсаж явдаг зүйл нь болсон юм. Тэгээд л хүүхдүүдээ өөрийнхөө алдааг битгий давтаасай гэж бид нарыг Их сургуульд төгсгөх гэж хүсдэг байж дээ. Би айлын том учраас дүү нартаа үлгэр үзүүлж, мөн аав ээжийгээ баярлуулж Их сургуулийн оюутан болно доо гэж багадаа мөрөөдддөг байлаа. 10-р ангиа төгсөөд конкурсандаа унаад, манайхан тэр чигээрээ л гашуудалд орсон мэт болж билээ. Би тэр өдрийг ерөөсөө мартдаггүй юм. Эхний тооны шалгалт дээрээ 15 аас 7-хон оноо авчихаад, уйлсаар гэртээ ирж билээ. Уйлаад л бөөн юм болж байгаа юм. Дүү нар маань яана даа гэсэн шинжтэй хичээлийн хэдэн номоо дэлгэчихсэн, бодвол хичээлээ хийсэн дүр эсгэж байгаа юм болуу даа. 

Тэгээд санхүүгийн техникум авч төгсөөд, БҮК(Байшин Үйлдвэрлэх Комбинат) 2-р үйлдвэрт ажилд орсон юм. Тэр үед Их сургууль шалгалт өгөх чинь тийм амар зүйл биш байлаа. Заавал 3 жил ажиллаж байж Их сургуульд шалгалт өгөх эрхтэй болж байгаа юм. 3 жил болоод шалгалт өгсөн чинь дахиад уначихваа. Яаж дахиж 3 жил хүлээнэ дээ гэж бодож байтал тэр жилээс эхлэн жил бүр шалгалт өгөх эрхтэй болж дараа жил нь буюу1993 онд, 4 жил ажилласны дараа нэг юм МУИС –ийн оюутан болж билээ. Оюутан болох гэж хичээл ном эргүүлсээр байгаад энэ зуршил минь надад үлдчихсэн юм шиг байгаан. Тэрнээс хойш гадаад, дотоодын олон сургуулийн хаалга элээсэн дээ.
Аав ээжийн хүмүүжил байдаг юмуу би ч тэр, манай дүү нар ч тэр хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөх гээд л зүтгэнэ шүү дээ. Ээж маань саяхан утсаар яриад том хүүгий минь сургууль төгссөнийг сонсоод санаа нь амарсан шинжтэй, болж дээ гэж байгаа юм. Манай хүү чинь анхных нь зээ Их сургууль төгсөж байгаа нь энэ. Ээж минь биднийг эрдэм номтой сайн хүмүүс болгох гэж их хичээдэг байсны хүчинд бид нар бүгд л Их сургууль дүүргэж аав ээжийгээ баярлуулсан даа. Миний доод талын дүү Японд комьпютерийн шинжлэх ухааны доктор хамгаалж манай гэр бүлийн түүхэн дэх анхны доктор болж биднийг баярлуулсан билээ. Би хоёр дахь доктор. Бид нарын үр удмаас олон эрдэмтэн докторууд төрөх бизээ.

Зарим хүмүүс сургуулиуд хэтэрхий үнэтэй байна гэж шүүмжлэх хандлагатай байдаг. Би энэний эсрэг байр суурьтай байдаг юм. Сургууль, боловсрол олгодог газрууд мөнгөтэй байгаасай гэж би хүсдэг. Мөнгөтэй бол сургуулиуд материаллаг баазаа сайжруулаад, сайн багш нар тэнд ажиллана. Хүүхдүүд маань тохиолог сайхан орчинд, сайн багшаар хичээл заалгах юм бол улс орны минь ирээдүйд л тустай шүү дээ. Аливаа юм үнэгүйдэхээрээ онцгүй болчихдог. Үнэгүй худалдаж авсан юмандаа хүмүүс хайнга ханддаг биз дээ. Тэрэн шиг боловсролд тэгэж хандах бий дээ гэж би санаа зовдог юм. Боловсролыг тэгэж үнэгүйдүүлж болохгүй л дээ. Их Сургуулийг үнэтэй, шалгуур өндөртэй байгаасай гэж би хүсдэг билээ.
Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс.
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com