Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 8-р сарын 25
Б. Дуламцэрэн - Интернет Маркетер www.bdulam.com
НАС БОЛ ЗҮГЭЭР Л ТОО
AGE IS JUST A NUMBER
Пейжээ нээгээд удаагүй байхад нэг залуухан охин хүүхдээ хараад гэртээ суудаг. Өөрийгөө гэртээ хүүхдээ хараад хөгширлөө дөө гэж бодож байсан чинь миний постуудыг хараад тэгэж бодохоо больсон гэж хэлсэн юм. Ер нь манайхан өөрсдийгөө яагаа ч үгүй хөгшрүүлээд байна уу даа гэж. 40 гараад л 50 хүрэв үү үгүй юу тэтгэвэр яриад эхэлж байгаа юм. За тэгээд тэтгэврийн насыг нэмлээ гээд л бөөн юм болоод л. Миний бодлоор ажил хийж идэвхтэй амьдарч л байвал урт наслах юм шиг санагдаад байдаг юм. 

Энд нэг түүхийг оруулья. Америкт сурч байхдаа би англи хэлээ сайжруулах гээд хавь ойрынхоо үнэгүй сургалт энэ тэрийг судалж яваад нийтийн номын сан дээр тэтгэвэрт гарсан хүмүүс цагаачдад үнэгүй англи хэл заадаг болохыг мэдсэн юм. Хэдийгээр гадаадад амьдарч байгаа ч дандаа монгол хүмүүстэйгээ яриад байвал хэл сайжрахгүй л дээ. Хичнээн олон жил амьдарсан ч хэл нь сайжраагүй хүмүүс олон байдаг.

За тэгээд нөгөө номын сан дээр очсон чинь 94–тэй өвгөн хичээл зааж байгаа юм. Яг албан ёсны хичээл биш л дээ. Ном чангаар уншуулна. Тэгээд буруу унших юм бол засч өгөх жишээтэй. Бас бид нартай янз бүрийн сэдэвээр ярилцана. Америкт 65-тай тэтгэвэрт гардаг юм билээ. Тэтгэвэрт гарсанаасаа хойш сайн дурын ажлууд хийж, хүмүүст тусалдаг гэж ярьж байсан. Охин нь удахгүй тэтгэвэрт гарна. Охин маань коллежэд сураагүй одоо тэтгэвэрт гараад сургуульдаа сурна гэсэн коллежийнх нь төлбөр миний дансанд хадгалаастай байгаа гэж ярьж билээ. Өвгөний төрсөн өдрөөр авахуулсан зурагаа орууллаа. Тэтгэвэрт гараад коллежэд сурдаг хүмүүс их байдаг юм билээ. Миний сурч байсан сургуульд цав цагаан толгойтой хөгшчүүл бид нартай хамт сураад л явж байсан.

Манай монголчуудын дундаж наслалт 65 байгаа нь тийм ч сайн үзүүлэлт биш л дээ. Энэнд олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Гэхдээ л яагаа ч үгүй өөрсийгөө хөгшрүүлдэг сэтгэлгээнээс салах хэрэгтэй байх. Харин тэрний оронд идэвхтэй амьдарч, өөрийг үргэлж залуу мэтээр төсөөлж амьдарсан нь дээр дээ гэж.

Одоо би бараг 50 хүрэх гэж байна. Өөрийгөө хөгшин гэж ёстой боддоггүй. Харин ч нас нэмэхийн хэрээр аливаа юманд ул суурьтай ханддаг болчихдог юм байна. Ер нь бол баргийн юмыг л мэдээд байна шүү. Өдий наслахад юу эсийг үзэх билээ. Сурсан мэдсэн дээрээ дөрөөлөөд, шинээр гарч байгаа юманд хойшоо суулгүй суралцаад явахад харин ч илүү амжилттай явж болно гэж бодоод байгаа. Онлайн бизнесээ удахгүй хөл дээрээ босно гэж харж байна. 
 
Гадны улсуудад энэ бизнесийг тэтгэвэрт гарсан хүмүүс маш их хийдэг юм билээ. Манайд ч ялгаагүй. Монгол хэл дээрх сургалтын материалыг  худалдан авсан эхний хүмүүсийн нэг бол Б. Дуламцэрэн эгч юм. Өдөр бүр “Сайхан амарсан уу?” гээд холбогдох Дука (би ингэж дууддаг юм) эгчийг залгахгүй бол яасан юм бол гэж үгүйлэх шинжтэй. Шаргуу, тууштай, хөдөлмөрч энэ эгч сарын дотор л вэбсайтаа өөрөө хийгээд, FB-ээр зараа цацаад эхэлж. Бас л нас бол тоо гэдгийг харуулж байгаа хүн дээ. Та Дука эгчийн FB-ийн пейж болон вэбсайтаар зочлоод гараарай.
Номын санд англи хэл суралцагчид 94 настай багшийхаа төрсөн өдрөөр. Сиатл хот. 2008 он
Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрийгөө яагаа ч үгүй хөгшрүүлэх хэрэггүй. Өөрийгөө хөгшин гэж хойшоо суулгүй шинэ юманд сэргэг байж хуримтлуулсан туршлага дээрээ суурилаад, амжилтанд хүрэх боломжтой шүү гэдгийг хэлэх байна. Age is just number. Нас бол зүгээр л тоо.  

Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com