Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 9-р сарын 04
"БИ ЧАДНА" ХАНДЛАГА
Whether you think you can or think you can't, you're right.

Та чадна гэж бодож байвал та чадна, таны зөв. Та чадахгүй гэж бодож байвал та чадахгүй, бас л таны зөв.  Henry Ford
“Би чадна” хандлага. Энэ хандлага ямарваа шинэ юмыг сурах, зорьсон ажлынхаа ард гарахад их тустай байдгийг би өөрийн туулсан амьдралаасаа мэдэх юм. Энд нэг түүхийг сонин болгож оруулья. 

Олон жилийн өмнө 2007 онд би Америкт бизнесийн удирдлагын мастер хамгаалахаар явлаа. Энэ сургуулийн (Maharishi University of Management) сургалт нь надад их таалагддаг. Эхлээд 6 сар сургуулийн кампусдаа сураад дараагийн 2 жил нь америкийн аль нэгэн компанид 2 жил мэргэжлээрээ ажиллангаа сургалтын төлбөрөө төлөөд, хичээлүүдээ онлайн хийгээд төгсдөг. Програм хангамж болон нягтлангаар бакалавр хийсэн хүмүүст зориулсан програм. Эдгээр мэргэжлээр монголд төгссөн, 2-3 жил мэргэжлээрээ ажилласан, америкт цаашдаа сурч ажиллах хүмүүст энэ сургууль их зүгээр шүү. Америкт цуг сурч байсан ангийхныхаа зургийг орууллаа. Ангийхан маань ихэнх нь одоо Америкт ажиллаж, амьдарцгааж байгаа. FB-ийн ачаар тэд нартайгаа холбоотой байдаг юм.

За тэгээд 6 сарын кампусынхаа сургалтыг дүүргээд америкийн хаа нэгтээ өөрсдөө ажлаа олоод, тал бүр тиийшээ явцгаах болов. Миний хувьд ганцаараа Монголоос ирсэн хэнийг дагаж хаашаа явахаа мэдэхгүй сууж байлаа. Кампуст байхдаа ажил хайж, ийш тийшээ баахан е-майл бичсэн боловч ажил олж чадсангүй. 6 сар кампусд сурахдаа хичээлээ цугтаа хийдэг байсан хэдэн филиппин найзуудаа дагаад Техас мужийн Даллас хот руу явахаар боллоо. Филиппин найзуудын маань нэгнийх нь найзынд очиж байгаа юм. Филиппин хүмүүс чинь манай монголчууд шиг сайхан найрсаг зочломтгой хүмүүс байна лээ шүү. Одоог хүртэл би тэд нартайгаа холбоотой байдаг юм. За тэгээд нөгөө хэдтэйгээ ажил хайх аянд мордлоо. Нөгөө айлынхаа нэг өрөөнд бүгдээрээ лаптопоо өвдөг дээрээ тавиад суучихсан өдөржингөө л ажил хайдаг байлаа. Англи хэл минь төдийлан сайн биш тул өөртөө санаа их зовдог байлаа. Филиппин найзууд маань хэл ус сайтай, өөрсдийгөө рекламдахдаа гаргууд. 

Би бодлоо. Ер нь бол том компанид ороход их хэцүү юм байна. Олон ярилцлаганд орно. Тэрнээс би гарна гэхэд өрсөлдөгч олонтой энэ газар хэцүү юм байна. Жижиг компаниудыг судлах хэрэгтэй юм байна гээд тэр шугамаар ажил хайж эхэллээ. Тун удалгүй нэг жижгэвтэр компаниас ажлын ярилцлаганд урилаа. Хамаг байдаг гоё дээрээ тавиад л очлоо. Ярилцлага авсан ерөнхий менежер залуу хорь гарсан настай л байх. Миний англи хэл муу, дээр нь Техасийн акцент бүр хэцүү, ярьж байгаа юмыг нь таамгаар л ойлгож байлаа. Юм ярьж байгаад л над руу харахаар нь би юм хэлэх хэрэгтэй боллоо гэж бодоод л “Би чадна” /I can do it/ гээд л хэлээд байлаа. Тэгсэн нөгөө залуу за тэгвэл одоо ажилдаа ор гэдгийм даа. Тэгсэн би тэр компаний санхүүгийн албаны дарга /Financial Controller/ болчихдог байгаа. Нэр нь л том болохоос угаасаа байгаа мэргэжлийн ганц хүн нь би. Бусад нь нярав, худалдагч, борлуулагч нар. Энэ компани маань мотоцикл, тэдгээрийн сэлбэг зардаг компани байсан юм, одоо ч байгаа. 

Миний англи хэл муу болохоор утсаар ярих гэж бөөн юм болно. Дарга маань миний энэ хүндрэлийг хараад, санаа зовсонуу яасан миний өмнөөс утсаар ярьдаг охиныг ажилд авч билээ. Ингээд би гэдэг хүн чинь нарийн бичигтэй болчихдог юм байна. Хүний амьдралд сайн хүмүүс үргэлж таарч байдаг. Сайн хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй. Би ч аль сайнаараа л ажлыг нь хийдэг байсан даа. Ар гэрийн гачигдлаас болж би Монгол буцсан юм. Би энэ ажлыг орхиж явснаас хойш 2 жилийн дараа байх намайг буцаж ирж ажиллаач гэж асууж билээ. 
Энэ урт түүхийг өгүүлсэн нь “Би чадна” хандлага хүний амьдралд их хэрэг болдог. Онлайн бизнес эхэлмээр санагдсан ч, би ч чадахгүй байхдаа гэж хойшоо суухын оронд “Би чадна” гээд л хийгээд эхэлвэл нэг жилийн дараа та маш их юмны ард гарч, өөрийн тавьсан зорилгодоо хүрэх эсвэл нэлээд ойртсон байна гэдгийг л хэлэх гэсэн юм.
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com