Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 10-р сарын 25
ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ГАНГАРАХ
Money gives you the freedom to do with your time what want to do with it.

Мөнгө чамд дуртай үедээ дуртай зүйлээ хийх эрх чөлөөг өгнө. Richard Branson.
Манай Монголчууд их ганган хүмүүс гэж би боддог юм. Би ч гэсэн гоё ганган хувцас өмсөөд, өөртөө итгэлтэй явах дуртай. Шинэ Зеландад ирээд хүмүүс нь ёстой манайхан шиг гангардаггүй болохыг анзаараад гайхаж билээ. Ямар сайндаа манай хүүгийн сургуулийн хүүхдүүд гутал нь улаараа салчихсан байхад хар скочоор ороогоод өмсчихсөн байсан гээд хөвгүүд маань гайхаад байхав. Манайхан хичнээн хэцүү амьдралтай байсан ч арай ч скочоор ороосон гутал өмсөхгүй дээ гэж би бодож билээ.

Тэгэхдээ оффисд ажилладаг хүмүүс бол чанартай сайн хувцас өмсөнөө. Тэгэхдээ нүдээ бүлтэртэл гоёх нь бол бараг л байхгүй талдаа. Даруухан, чанартай хувцас өмсөнө. Анзаараад байхнээ хүмүүс нь эрх чөлөөгөөрөө гангардаг болохыг мэдлээ. Та хэр зэрэг санхүүгийн эрх чөлөөтэй хүн вэ гэдэг нь их чухал байдаг юм байна. Өдрийн 8 цагийн ажилд баригдахгүй, дуртай юмаа хийх чадвартай бол та хамгийн ганган хүн болж таарч байгаа юм.

Олон жил бизнес хийгээд дураараа явчихсан хүний хувьд  хүний удирдлаганд ажиллах утгагүй санагддаг юм билээ. Уг нь гайгүй цалин авдаг, хотын төвд шилэн оффист л ажиллана шүү дээ. Санхүүгийн компани болохоор цуг ажилладаг хүмүүс маань соёлтой, боловсролтой хүмүүс байх. Гэсэн ч энэ миний хийх ажил биш байнаа, би энэнээс ихийг хийж чадна даа гэж бодох бодол намайг тайван байлгахгүй байлаа.  Хийж байгаа ажил маань нэгэн хэвийн, миний хувьд сурах юм байхгүй болчихоороо л ажил сонин болчихдог. Ер нь хүн нэг газар 2-3 жил ажиллахад бүх ажил нь гарт орчихдог доо. 

Гайгүй цалин өгдөг юм чинь гээд, дургүй ч гэсэн ажилдаа үлдэхийг би буруу гэж боддог. Гайгүй цалин гэдэг нь таны ирээдүйн баталгаа биш л бол энэ ажил тань таныг цаагуураа зэврүүлээд байгаа шүү гэдгийг хэлэх байна. Нэгэн хэвийн гарт орсон ажлаа хийгээд байх нь олон бүтээлч ажлууд хийх боломжуудаа алдаад байгаа харагддаг. Миний мэдэх олон хүмүүс өндөр цалинтай зарц (highly-paid slave) хэмээх энэ ажлаасаа татгалзаж, бизнесээ эхлүүлэн амжилтанд хүрсэн байдаг.

Би бизнесээ хийх зорилгоор ажлын цагаа багасгаад, бизнестээ илүү цаг зарцуулах шаардлагатай байгаагаа хэлснээс хойш хүмүүсийн надад хандах хандлага ч өөрчлөгдөж байгаа юм. Ажлын 8 цагт баригдахгүй амьдрана гэдэг нь эндхийн хүмүүст их чухал байдаг болоод тэр. Өдөр тутмын мөнгөний асуудалгүй амьдрах миний мөрөөдөл учраас бизнес хийхээр шийдсэн хэрэг лдээ. Миний өдрийн 8 цагаар ажиллаад авсан цалин хоол хүнс, түрээсдээ зарцуулаад л таарах амьдрал надад таалагдахгүй байгаа юм. 

Доктороо хамгаалах хугацаанд бодох санах юмгүй гарт орсон ажлаа хийгээд амьдралаа залгуулаад байхад болж байсан. Доктороо дуусахаар  юу хийх билээ гэж бодоод л явсан юм.  Шинэ Зеландад бизнес эхэлчихвэл Монгол явахаараа яах билээ гэж бодно. Онлайн бизнесын хувьд байрлал чөлөөтэй (location free) гэдэг нь маш их таалагдаж билээ. Монголдоо очсон ч энэ ажлаа үргэлжлүүлээд байж болно. Мөн цаг хугацааны хувьд чөлөөтэй (time free).  Энэ намайг өөрийн эрх чөлөөгөөр гангарах боломжийг олгож байгаа юм. Хэн нэгэнд баригдахгүй өөрийн хүссэнээр өөрийн цагийг зарцуулах тэр мэдрэмж хамгийн ГОЁ. 
Энд юу хэлэхийг зорьсон вэ гэвэл хамгийн гоё гангараа бол эрх чөлөө шүү. Мэдээж цаг хугацааны хувьд эрх чөлөөтэй амьдрахын тулд өдөр тутмынхаа амьдралын зардлаа ямар нэгэн орлогын үүсвэрээс олдог байх хэрэгтэй л дээ. Хэн нэгэнд ажил хийдэг хүмүүсийг би зарим нэг ажлаа өгөөд, өөртөө зав гаргаад өөрийн бизнесийг эхлүүлэх хэрэгтэй гэж зөвлөөд байгаа юм. Хүн эрх чөлөөтэй ажиллахаараа их бүтээлч болдог. Бага хугацаанд их ажил амжуулах гээд л.

Та ямар бизнес хийхээ мэдэхгүй байгаа бол манай сургалтын материалыг аваад, онлайн бизнесээ эхлээрэй. Манайхаас зарласан Зорилготой, Орлоготой, Мэдлэгтэй Монгол Хүн уралдаант аянд оролцоорой. Уралдаант аяны талаар доор бичлэгээр танилцуулсан байгаа. Таны бизнест амжилт хүсье.
 
Хүндэтгэсэн, Чагнаадоржийн Оюунцэнд. Шинэ Зеланд улс.
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com