Шинэ Зеландад амьдрах байрны төлбөр 4 хүнтэй ам бүлийн хувьд 7 хоногтоо NZ$400-500, хоол хүнсэндээ NZ$200-300 зарцуулна. Мэдээж интернет, машины бензин, цахилгаан, ус гээд зардлууд гарна. Ганцаараа оюутны хувьд олуулаа байр түрээслээд, өөрийн өрөөний төлбөрт NZ$150-200 төлөх хувилбар байдаг.
Шинэ Зеландад ажилд орсон эхний өдрийнхөө зургийг доор орууллаа. Гадаадад ажил хийж, суралцах хүсэлтэй хүмүүст хэрэг болох болуу гээд дараах түүхийг хуваалцлаа.
Өндөр хөгжилтэй оронд сурч ажиллах юмсан гэсэн олон хүн байдаг. Америк болон Шинэ Зеландад ажиллаж амьдарч үзсэний хувьд өөрийн туршлагаасаа харахад дараах 3 зүйл их чухал гэдэгийг хэлэх байна. Энэ 3 ийн аль нэг нь надад байгаа юу гэж өөрөөсөө асуугаарай.
1. Мөнгө. Мөнгөтэй бол шинэ газарт дасах эхний 2-3 жилд гарах өдөр тутмын амьдрах зардлаа төлөөд учираа олох хүртлээ зовлонгүй байх болно. Мөнгөө төлөөд хэлний курст сураад амьдраад байж болно.
2. Англи хэл. Англи хэлтэй бол бас л хурдан учраа олно доо. Ядахдаа л мэргэжлийн биш юмаа гэхэд янз бүрийн ажил олж хийгээд өдөр тутмын зардлаа олчих боломжтой.
3. Ажиллаж амьдрах виз. Энэ бол хамгийн чухал зүйл. Манайхан жуучлалын визтэй ирчхээд ажил хайгаад давхиад байдаг. Хууль дүрэмээ барьдаг эдгээр улсуудад өөр зорилгоор ирчхээд өөр юм яриад яваад байж болохгүй гэдэгийг л хэлээд байгаа юм. Ажиллаж амьдрах виз тэр болгон авахад хэцүү л дээ. Эдгээр визийг авахад таны хэлний мэдлэгээс гадна таны мэргэжил энэ улсад үнэхээр хэрэгтэй эсэхийг авч үздэг.
Дээрх 3 ийн аль нэг нь байхгүй бол гадагшаа явна гэдэг бол тэнэг л хэрэг. Өөрийгөө үнэхээр хэцүү байдалд оруулах болно гэдгийг л хэлэх байна. Янз бүрийн зуучлах төвүүдээр дамжиж энд ирчихээд яахаа мэдэхээ байчихсан хүмүүстэй таарч байсан болохоор энийг хэлээд байгаа юм.
За тэгээд энэ 3 уулаа байсан ч гадаадад амьдрах амар биш гэдэгийг хэлэх байна. Энд нэг түүхийг оруулья. 2013 онд би гэр бүлээ дагуулаад Шинэ Зеландад докторт сурахаар ирж байгаа юм. Шинэ Зеландыг сонгосон шалтгаан нь докторт сурахад сургалтын төлбөр нь өөрсдийнх нь хүмүүстэй адилхан байх ба хүүхдүүд нь сургууль цэцэрлэгээр үнэгүй хангагддаг. Мөн бүтэн цагаар ажил хийхиийг зөвшөөрдөг.
Миний нэг тооцоолоогүй юм бол том хүүгээ дунд сургуулиа төгсөөд их сургуульд сурахад гадаад оюутны төлбөр төлөх болно гэдгийг мэдээгүй. Миний хүү юм чинь дараа дараагийн шатны сургууль үнэгүй ч юмуу эсвэл бага төлбөртэй байна гэж бодсон хэрэг л дээ. Асуудал үүслээ, мөнгөгүй гээд хүүгээ сургуульгүй үлдээлтэй биш дээ. Багавтар судалгаа хийгээд энд байнга оршин суух виз авах юм бол хүү маань бага төлбөр төлөх боломжтойг мэдсэн юм.
Түүнийг нь авахын тулд би мэргэжлийн ажилтай байх хэрэтэй болж байгаа юм. Ажил хайж эхэллээ. Маш олон газар CV-гээ явууллаа. Уг нь төгссөн сургууль, хийж байсан ажлаараа ямар ч ажлыг хийнэ л гэж бодоод байлаа. 2 шалтгаанаар намайг ажилд авахаас татгалзаад байлаа. Нэг нь хэтэрхий өндөр боловсролтой /overqualified/ нөгөөх нь Шинэ Зеландад ажиллаж байсан туршлага байхгүй. Уур ч хүрэх шиг. Доорх линкээр орж миний CV-г сонирхоорой.
Энэ үед энд байдаг нэг найз минь төрсний дараах жингээ хасах гэж над дээр ирж бид 2 цугтаа гүйдэг байсан юм. Гүйж явахдаа найз минь ярьж байна. Айл цэвэрлэх ажил байна. Даанч хүний гэр цэвэрлэнэ гэхээр сонин санагдаад байна гээд л ярианы завсар хэллээ. Тэгэхээр нь би бодлоо. Гэрээ хүнээр цэвэрлүүлж байгаа юм чинь гайгүй л хүмүүс байж таараа. Тийм хүмүүстэй шууд харьцаж CV-гээ өгвөл ажил олдох боломж гарч ирэх юм гээд. 2 уулаа цугтаа цэвэрлээд мөнгийг нь хуваагаад авчий гэсэн чинь найз минь над руу гайхаж харснаа чамайг цэвэрлий гэвэл би хийнээ гэж байна.
Ингээд бид 2 цугтаа тэр айлыг цэвэрлэж эхэллээ.
Далайн эрэгт ойрхон маш том байр /house/ байлаа. Бид 3 цаг цэвэрлээд 120 доллар авах ба түүнийгээ хуваагаад бас ч үгүй орлоготой болчихож байгаа юм. Тэр айлын эзэгтэй сайхан ааштай, гуалиг, англи хүүхэн. Нэг өдөр ярианы далимд өөрийнхөө тухай, хүүгийнхээ сургалтын төлбөрийн талаар, мэргэжлийн ажил олох хэрэгтэй байгаагаа хэлээд CV-гээ атгуулчихлаа. Оройхон гэртээ ирээд байтал нөхөр нь санхүүгийхээ албаны даргаасаа асууж өгье гэснийг эхнэр нь дуулгалаа. Ингэж би мэргэжлийн ажилтай, байнгын визтэй, хүү маань сургуулиа саяхан амжилттай дүүргэсэн билээ.
Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр мөнгөтэй бол та өөрийнхөө их л олон асуудлыг шийднэ дээ гэж. Таны хувьд санхүүгийн асуудлаа шийдэх бас нэг гарц чинь онлайн бизнесийн эхлүүлэх байж болох юм. Цалингаас цалингийн хооронд дургүй ажлаа хийн өдөр хоногийг өнгөрөөх гэж үү бодох л хэрэгтэй. Хүндэтгэсэн Оюуна